Monday, May 5, 2008



Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.


Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.
Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.
Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”.
Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?
За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна.
Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”. Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.
Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”. Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү.
Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар. Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно.
Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!

Sain baina u?


Onoodor 2008.05.05 nii odor.Minii biy Mongol ulsiin niislel Ulaanbaatart baina. Bi gertee hogjim sonsood suuj baina. Gadaa salhitai huiten zevruunhen baina genee. Gadnaas orj irsen humuus tegej heleed baina. Bi onoodor garaagui l dee. Onoodorjingoo l neted orloo. Yanz buriin surguuliin tetgelegiin talaar sudlaad suuj baina. Oor ch sonin alga. Onoodoroos blogtoo odor bur yum bichnee.

Baga boddog hun ih alddag



Эртний Герегийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн. Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяаны төөргөөр алдаанаас эгнэгт ангид байх нь өдрийн од, шөнийн солонго мэт ховор.


Хүн өөрийгөө байгаагаасаа илүү дөвийлгөн үнэлэх хэрэггүй. Биеэ хэтрүүлэн үнэлвээс бардам давилуун зангаас үүдэлтэй алдааны намагт гүн шигдэнэ. Тэрчлэн өөрийгөө дутуу үнэлж, мөнхөд сэтгэл дундуур, толгой гудайн явах ч хэрэггүй. Өөрийгөө дутуу үнэлвээс нунж дорой, гутрал гунигаас үүдэлтэй алдааны бохир суваг шуудуу руу палхийтэл ойчно. “Чи өөрийгөө байгаагаасаа илүү, эсвэл дутуу үнэлвэл аль аль нь том алдаа болдог”-ийг санаж яв. Гэнэн хонгор насны гэм хор багатай алдааг дайралгүй, тойрч гарсан хүн ховор биз ээ. Хүн санаатай болон санамсаргүй алдаа гаргадаг. Санаатайгаар алдаа гаргаж, ажил амьдралаа түйвээх мунхаг дотортон харамсалтай нь цөөнгүй байсаар байна. Хүмүүсийн санамсаргүй алдсан алдааг тоолж болдогсон бол толгойтой үсний тооноос давах байх. Хэнэггүй зангаас болж алдах нь хэтэрхий олон, харамсмаар их. Нэрэлхүү зангаас болж алдах нь тийм ч цөөнгүй. Хүн нэгэнт алдах тавилантай бүтээгдсэн болохоор заавал алдаж эндэж байх ёстой мэтээр сэтгэж, алдаагаа өнгөлөн далдалж, өмгөөлөн хаацайлах нь ухаантай хүний шинж биш. “Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий. Аугаа их хүмүүсийн жишиг зиндаанд ойртон дөхөхийн тулд алдаагаа хүлээж сур.
Залуус та нар том бага гэлтгүй аль ч ажлыг сайтар бодож, тунгааж, төлөвлөж байж эхлэх хэрэгтэй. Бэлтгэлийг хангаагүй, яаруу сандруу эхэлсэн ажил үйл бүхэнтэй хамт алдааны хорт үр хогийн ургамал мэт цацагдаж байдгийг мэд. Тархи толгойдоо олон талаас нь сайтар бодож тунгаасан ажил алдаа мадаг багатай. Ер нь “Бага боддог хүн их алддаг” гэдгийг санаж явцгаа.
Бидний өвөг дээдэс “хэрээ мэдэж, бяраа таньж” байхыг сургамжлан захисан нь гүн гүнзгий утга учиртай. Хэрээс хэтэрсэн зүйлтэй зууралдвал томоос том алдах бэлтгэлээ базаалаа гэсэн үг. “Хэрээ мэдэхгүй илүү авирлах нь хамгийн том алдаа” гэж мэргэд сургасныг санаж явахад илүүдэхгүй.
Алдаанаас айгаад, бэргээд суугаад байвал ямар ч ажил бүтэхгүй. Гэхдээ алдахын тулд зориглох хэрэггүй. Нэг алдана, хоёр алдана, гуравдахиа ононо гэж хөөрцөглөх нь зоригтой золбоотой хүний үйлдэл биш, бодлогогүй, болчимгүй хүний л хийдэл. Гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож сурах нь алдаа гаргахгүй буюу хамгийн бага алдаж ажлаа амжуулах шалгарсан арга.
Өөрийгөө алдаа эндэгдэлгүй хүн гэж сайрхан бодох тусам санамж сэрэмж буурч, алдах магадлал ихэсч байдгийг тооцоорой. Хүн алдаж болно. Хэн ч алдаанаас бүрэн хамгаалагдах ид шидийг олоогүй. Алдсан алдааг давтахгүй байх нь л бүхнээс чухал. Алдааг давтахгүйн тулд түүнийг сайн санах хэрэгтэй. Өчигдөрийн алдаагаа санаж, ухаарч чадсан хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийж дөнгөнө. Аливаа алдааг жижиг гэлтгүй газар авахуулалгүй засч байх нь дахин алдахгүй байх дархлааг чинь сайжруулна. “Засагдаагүй жижиг алдаанаас том гажигт амархан хүрч болно”. Алдаагаа ухамсарлахгүй гөжүүдлээд байгаа хүн улам томоор алдах гүн ангалын ирмэг дээр дэгэнцэн зогсч байна гэдгээ ухаар. “Алдаа бол буруу бодомжийн л нэг уршиг байдаг, харин нэгэнт гаргасан алдаандаа гөжүүдлэн зүтгэх нь сулхан зантайн шинж байдаг” гэсэн ухаантны үгийг анзаараарай. Алдаанаас сэргийлэх чамд өөрт чинь бэлэн байгаа нөөц боломж бол ухаалаг болгоомж мөн. Ухаалаг болгоомжтой хүн бага алдана, алдсан ч тэр алдаагаа дахин давтахгүй. Хашир хүн бага алдана, алдсан ч хор хохирол нь бага. Тиймээс хашир суун хэрсүүж.
Өөрийн алдаа хийгээд буруутай үйлдлийг цагийг нь олж мэдрэх нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж. Яагаад гэвэл “алдаа ухаан хайрладаг” юм. Алдаа, төөрөгдлийг даван туулж үнэн рүү зорьж ирсэн хүн ухаантай, мэргэн хүн. Харин мунхаг хүн л өөрийнхөө алдааг давтан, төөрөгдөл рүү мугуйдлан зүтгэдэг. Өөрийн алдаанаас сургамж авахын зэрэгцээ бусдын алдаанаас суралц. “Нэгийнх нь алдаа нөгөөд нь сургамж болдог” юм. Өөрөө алдахгүй байхыг хичээхийн хамт бусдыг алдаанаас сэрэмжлүүлэн зайлуулж бай. Өөрийн чинь алдаанаас илүү бусдын алдаа чамд гай тарьж мэднэ. Ганц надад л сайхан байвал хорвоо тэр чигээрээ түймэрт хуйхлуулсан ч хамаагүй гэсэн бодолтой хүн дөрвөн зүг найман зовхисын хааш нь ч газар тамгалан хол алхахгүй ээ.
Алдаанаас учрах хор хохирол янз бүр байна. Энгийн ардын гаргасан алдаа, эрх мэдэлтний алдах алдааны хор уршиг өдөр шөнө мэт ялгаатай. Хэдийчинээ их эрх мэдэлтэй байна, тэдний гаргасан алдаа төдийчинээ их хор хохиролтой, нөхөж баршгүй. Шийдвэр гаргагчдын хийсэн алдаа нийт олонд хохирол дагуулдгаараа хор аюул ихтэй. Тийм ч учраас алдаа бага гаргаасай хэмээн найдаж шилдэгийн шилдэгээс шигшин сонгож, шийдвэр гаргах эрхийг олгон, итгэл хүлээлгэдэг билээ. Удирдагчдын гаргасан алдаанаас болж улс орон уруудан доройтож, улмаар мөхөж сөнөсөн түүхийн гашуун сургамжийг эгнэгт санаж, сэрэмжилж явах учиртай. Шийдвэр гаргагчдын шийдвэргүй дорой байдал, шижээргүй болхи алдаанаас болж улс орон сэхэл авахгүй туйлдан доройтох зам руу хальтран ордогийг огоорч болохгүй. Эрх баригчид алдаанаас өөрсдийгөө хамгаалах гэхээсээ төөрөгдөлдөө ташууран гөжүүдлэхгүй байх нь илүү чухал. “Их ухаантай хүмүүсийн алдаа нь бусад олон хүний сэтгэлгээгээр хийгддэгээрээ аюултай байдаг” хэмээн нэгэн сэтгэгч хэлжээ. Анхаарч болгоомжилж явах зүйл яах аргагүй мөн.
Азгүй явдал чиний эргэн тойронд алдааг чинь анан отож, ойрхон эргэлдэж байдгийг зөнгөөрөө мэдэр. Алдсан бол алдаагаа тэр дор нь ухаарч засах нь л ухаалаг хүний зан араншин. “Үйл хэргийг засрахын аргагүй болгосноос өөрийн алдааг ухаарах нь нэн буянтай хэрэг”. Алдаагаа ухаарах нь өөрт болон бусдад үйлдэж байгаа буянтай үйл ажээ. Алдааг уучилж болно. Борогхон амьдралд бодлогогүй, болчимгүйгээс үүдэн болоод өнгөрсөн аар саархан алдааг болгоож уучилж бололгүй яахав. Харин уучилж болшгүй алдаа гаргахгүй байхыг ухаан бодолдоо бат шингээж ав. Гаргасан алдаагаа давтсан хүнийг уучлаад өршөөгөөд байх нь ухаалаг үйлдэл биш. Уучилж болшгүй алдаа гаргасан хүнийг хайрлах аргагүй. Хайрлахаа больсон тэр хүмүүсийн алдааг уучлахын аргагүй ээ. Алдсан алдааны жин хэмжээгээр дор хаяж ёс суртахууны шийтгэл хүлээж байх нь шударга ёсонд нийцнэ. “Орь залуу нас алдаа гаргадаг, идэр нас түүнтэй тэмцдэг, өтөл нас түүний талаар харамсдаг” хэмээн Английн нэгэн зохиолч бичжээ. Алдсан алдааныхаа төлөө өтөл насандаа шаналан харамсахгүй байхын тулд багахан шиг алдахыг хичээцгээе.